Мрнгол Улсад анагаахын олон доктор, профессорууд байдгийн дотор сэтгэц-наркологийн чиглэлээр гадаадад шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан хүн ганцхан бий. Тэр бол Эрүүл мэндийн яамны харьяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Л.Эрдэнэбаяр билээ. Түүнтэй ярилцлаа.
- Нийгэмд хий үзэгдэл эхэллээ гэж ярилцах юм. Өмнө нь хаврын синдром гэдэг байлаа. Энэ нь нийгмийн сэтгэцийн хувьд эрүүл бус зүйл биш үү?
- Хаврын синдромын манлайлагч нар харин ч эрүүл сэтгэцтэй хүмүүс, учраа олохгүй хүмүүс нь даган баясаж байгаа гэж бодож байна. Манай нийгэмд болж байгаа үзэгдлийг эрүүл гэж хэлэхийн арга алга. Хүнийг сэтгэцийн хувьд эрүүл бус байдалд оруулдаг нийгмийн хүчин зүйл гэж байна. Түүнд ялгаварлан гадуурхах, хүчирхийлэл доромжлол, өлсгөлөн, ажилгүйдэл, албан тушаалын төлөө улайран тэмцэх, гэнэтийн халдлага, нийгмийг бүхэлд нь хамарсан архидалт зэрэг олон хүчин зүйл ордог. Энэ нь хүн ам хэт төвлөрсөн, улс төрийн хувьд тогтворгүй, хөгжиж байгаа улс орнуудад ажиглагддаг. Үүнийг л нийгмийн хий үзэгдэл, гажуу тусгал гэдэг. Утаан дунд уур хилэнтэй, сэтгэл дундуур, бухимдсан 1 сая хүн бие биеэ шөргөөлцөн түлхэлцэн амьдарч байхад сэтгэцийн эрүүл мэндийн тухай авч үзэхгүй бол яаж болох вэ? Нийгмийн сэтгэл зүй эрүүл бус, эмгэгтэй болжээ.
- Сүүлийн жилүүдэд сэтгэцийн ямар эмгэгүүд шинээр бүртгэгдэв?
- Айдасны эмгэгүүд, сандрах эмгэг, сэтгэл түгших эмгэг, дасан зохицохгүй байх эмгэг, биеийн зовиур шаналгааны эмгэг, хооллох дурны эмгэг, нойрны эмгэг, хэт хөдөлгөөнтөх эмгэг, зан төрхийн эмгэгүүд, бэлгийн гаж үйл, заргалдах, матахын эмгэгүүд, анхаарал хямрах эмгэг, албан тушаал руу улайран зүтгэх эмгэгүүд илэрч байна.
- Хаа сайгүй уур уцаартай бухимдсан хүмүүс хоорондоо зөрчилдөх юм. Нийгмийн сэтгэлзүй ийм болчих гэж дээ. Зөөлрүүлэх арга бий юу?
- Нийгэм бүхэлдээ бухимдал, зөрчлийн талбар боллоо. Хүн хоорондын зөрчлийг дотоод, гадаад гэж хуваахаас гадна хүн өөрөө өөртэйгөө, хүн хоорондын, хэсэг бүлэг хүмүүсийн хоорондын зөрчил гэж ангилан үздэг. Монголд хэсэг бүлэг хүмүүсийн хоорондын зөрчил дээд цэгтээ хүрсэн. Зөрчлийн энэ хэлбэр нийгэмд аюул авчирдаг бөгөөд ялангуяа үзэл бодол, эрх мэдэл, хөрөнгө мөнгөний зөрчил бүр ч их аюултай. Хөгжилтэй улс орнуудад нийгмийн сэтгэл зүй судлаачид энэ зөрчлийг хохирол багатай арилгах арга замыг боловсруулж тухайн үед төр, засаг баригчдад зөвлөж байдаг. Харамсалтай нь манайд энэ асуудлыг шийдэхийн оронд өөр хоорондоо л тэмцэх юм даа.
- Хүмүүсийн зөрчил, будлианыг дэврээдэг хүчин зүйлийг та тодорхойлж хэлээч?
- Та бүхэн өдөр тутмын амьдралаа эргээд нэг хар даа. Хэрүүл бухимдалгүй өнгөрсөн өдрүүд байна уу? Бидний хойч үеийн хүүхэд залуусын хэсүүчлэн тэнэх, архидах, мансуурах дон дээрээс нь айл гэр бүрт байгаа хэрүүл маргаан, зан үйлийн эмгэг дарин дээр тос нэмсэнтэй адил болгож байна. Бие хүн хоорондын будлианы илрэл бол хэрүүл юм. Монголчуудын хэрүүл нь зодоон, цаашлаад алалцаанаар дуусдаг. Бүлэг хүмүүсийн хоорондын будлианы тод жишээ нь орой бүр телевизээр гарч буй нэр төртэй өндөр албаны хүмүүсийн хоорондын хэрүүл юм. Хэрүүл маргаан, зөрчил, тэмцлийг хэн дэврээж байгаа нь нүдэнд ил байгаа шүү. Нэг талаас эрх дархтай хүмүүс нөгөө талаас эрх ашиг нь хохирсон хүмүүс л хаа сайгүй будлиан самууныг дэврээж байна.
- Уур уцаар юунаас болж үүсээд байна. Сэтгэцийн эмгэг судлаачийн хувьд та хэлнэ үү?
- Монголын нийгэмд шударга бус байдал газар авч, орлогын ялгаатай давхаргууд үүсэхийн зэрэгцээ баян хоосны зааг ихсэж байгаа нь ашиг сонирхлын зөрчлийг улам хурцатгаж байна. Нөгөө талаас монгол хүнд атаа хорслын ген байх шиг санагддаг. Энэ генийн онцлог Шинж бол бие биеэ доош нь чихэх явдал. Бухимдал, уур уцаар үүсгээд байгаагийн хөрс нь ердөө л энэ хоёр. Өөрөөр хэлбэл шударга бус байдал нь зөрчлийг хурцатгаж байна. Нөгөө талаас нь атаархах хорсох хам шинж энд нөлөөлж байна. Будлианд оролцсон хүмүүсийн сэтгэл хүчтэй цочирдож, ил буюу далд хэлбэрээр уурлаж, түгшиж бухимддаг. Будлианы үед үүссэн уур хилэн нь булчингийн агшилтын явцад үүссэн сүүний хүчлийн үр дүнд тайлагддаг. Монголчууд юу юуны туханд хүрэлгүй бие бие рүүгээ гар далайж зодоон цаашлаад алаан хядаанд хүрдгийн шалтгаан нь энэ ч байж болно.
- Сүүлийн үед донтолт ихсэж байна гэж ярьж бичиж байна?
- Энэ үнэн. Сүүлийн жилүүдэд айдас түгшүүр, нойргүйдэл, сэтгэл гутрал, хар тамхи сэтгэцийн идэвхит бодист донтох, амиа хорлохоор завдах, сэтгэл хөдлөл, үл ялих зовлонт байдлын болон компьютерийн дон, библийн дон, шоколадны дон, идэхийн дон, ажлын дон хүртэл шинээр илэрч бүртгэгдэж байна. Донтолтоос болж сэтгэцийн шалтгаант эмгэг үүсдэг. Ийм үед эхлээд нойргүй болно, сэтгэл түгшинэ, эргэлзэж тээнэгэлзэнэ, цочромтгой, уцаар болно, анхаарал сарних, ялимгүй зүйлд маш хүчтэй хариу үйлдэл хийнэ. Тоглоомын дон, шуналаас болж зарим нь үгүйрч хоосорч байна. Энэ талаар маш тодорхой жишээ бий. Ард түмэн үүнийг мэдэж байгаа.
- Төр засгийн өндөр албан тушаалд гарсан хүмүүсийн сэтгэцийг шинждэг үү? УИХ-ын гишүүдийн сэтгэцийг үзмээр юм. Хоорондоо дандаа хэрэлдэж байх юм?
- Өндөр хөгжилтэй улс орнуудад хүний сэтгэцийг тодорхойлох, уг хүний сэтгэцийг бодлогоор хамгаалах эрх зүйн орчин байдаг. Манай улсын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн хүмүүсийн сэтгэцийг үзэж дүгнэлт гаргадаг практик бий. УИХ-д нэр дэвшсэн хүмүүсийн сэтгэцийн хэв шинжийг үзэж тогтоох эрх зүйн орчинг бий болгох хэрэгтэй. УИХ-ын гишүүд хоорондоо маргалдах нь хэвийн үзэгдэл, үзэл бодлоо хамгаалан тэмцэж ширүүхэн хэлсэн үгийг хэвлэлийнхэн түүний цаана байдаг зарим улс төрчид дэврээж хэрүүл маргаан болгодог. Уг нь соёлтой маргаан, өрсөлдөөн дундаас л амьдралд ойр бодитой шийдвэр гарна шүү дээ. Манайхан оюуны потенциал, чадамж сайтай дайчин хүмүүс ээ. Шизотой гэж хий цуурч атаархал хорслоо тайлж кайф авдаг зантай улс шүү дээ. Учир иймд зарим хэнд ч хэрэггүй гүтгэлэг сенсацийг тоохгүй өнгөрөөсөн нь дээр ээ.
- Өндөр хөгжилтэй улс орнуудад нийгмийн сэтгэл судлал хэр хөгжсөн байдаг юм бол?
- Өндөр хөгжилтэй улс орнуудад нийгмийн сэтгэл судлал асар өндөр түвшинд хөгжсөн байдаг. Тэгэхээс өөр аргагүй. Ер нь нийгмийн олон талт харилцааны анхны элемент нь хүн хоорондын харилцаа юм. Үүнээс л нийгмийн амьдралын бүх зүйл эхэлнэ бас хамаарна. Манайхан үүнд ач холбогдол өгч ойлгох хэмжээнд хараахан хүрээгүй байна. Тун удахгүй ойлгож эхлэнэ дээ.
- Хүмүүсийг албан тушаалд тавихдаа чухалчлан үздэг сэтгэл зүйн хэмжүүр гэж байна уу?
- Байлгүй яахав. Сэтгэл санаа, сэтгэц хоёр өөр юмаа. Сэтгэц гэдэг нь оюуны дүгнэлт хийх чадвар юм. Энэхүү сэтгэцийн хөгжлийн үйл ажиллагааны түвшингээрээ хүн бүр ялгаатай. Манайхан энэ тэр хүнийг ухаантай гэж ярьдаг биз дээ. Гэтэл ухаантай хүн бүхэн сайхан санаатай байдаггүй. Уг нь оюун ухаан төгс, сэтгэцийн хувьд эрүүл, өндөр түвшинд боловсорч хөгжсөн хүн дээр сайн санаа, сайхан сэтгэл байвал тэр хүн олон түмнийг удирдаж чадна. Гэтэл ийм шалгуур хаана ч алга. Хэн танилтай бөгөөд мөнгөтэй хүн өөрөө хийж дийлэхгүй ажилд очиж байгаа нь манай эмгэнэл. Хүнийг албан тушаалд тавихдаа: харьцуулан сэтгэх, хийсвэрлэн сэтгэх, нэгтгэн дүгнэх, тодруулан сэтгэх, хурдан сэтгэх, ангилан сэтгэх үйлдэл, ажлын ур чадвар, сэтгэл хөдлөлийн хүрээ, зориг үйлдлийн хүрээ зэргийг нь нарийвчлан үзэж байж таарч тохирох чухал ажилд тавих ёстой юм. Мэргэжлийн хүний нүдээр харахад эрүүл сэтгэцтэй хүнд ичих булчирхай байдаг бөгөөд тэр нь ажиллаж байдаг. Амьдрал дээр сэтгэлгээ хоосон зарим нэг хүмүүс хариуцлагатай алба хаших тохиолдол мэр сэр байдаг.
- Сүүлийн үед амиа хорлох явдал ихэслээ гэх юм.
- Энэ үнэн. 1989 онд 17 хүн амиа хорлож нас барж байсан бол 2005 оны статистикээр 400 гаруй хүн амиа хорлосон байна. Энэ үзүүлэлт нэг зүйлийг хэлээд байгаа юм. Эрүүл сэтгэцтэй бүх амьдрал нь хэвийн хангалуун ирээдүйдээ итгэлтэй хүн тэр бүр амиа хорлоод байхгүй байхаа.
- Бас архидалт, мансуурал хэрийн хэмжээнээс хэтэрч үүнийг дагалдан элдэв гэмт хэрэг нэмэгдэж байгаад хүмүүс их шүүмжлэлтэй ханддаг ч ер ахиц гарахгүй юм?
- Архидалт мансуурал бол төр засгийн бодлогод байж зохицуулалт хийж байх ёстой нийгмийн чухал асуудал. Би энэ чиглэлээр мөн олон удаа ярьж бичсэн дээ. Олон ч хүнийг эмчилж архинаас гаргасан. Монголчууд архидалттай хэрхэн тэмцэх тухай концепцийг нь би аль эрт гаргаад өгчихсөн шүү дээ. Харамсалтай нь үндэсний эрдэмтэдийнхээ үгийг ажил болгохгүй юм. Архидалт мансуурал одоо хүүхэд залуучууд, охидын хүрээнд газар авлаа. Худлаа гэвэл та нар хоёр алхаад байдаг бааранд ороод үз. Арван хэдтэй охид залуучууд л мансуурчихаад сууж байна. Монгол хүнд өндөр градусын архи зохидоггүй юм. Хэтрүүлэн олон хоног хэрэглэвэл донтолт бий болж эцэстээ солиорол өгдөг аюултай. Солиорсон хүн гэмт хэрэг хийх байтугай хүн ална шүү дээ. Төр засаг маань үүнийг нэг цэгцэлмээр юм. Олон жил хэдэн эмч, хэдэн цагдаагийн ажил гэж явцуу хүрээнд ойлгож явсан шүү дээ. Одоо болимоор юм.
- Ер нь Монгол хүнд өндөр градустай архи зохимжгүй гэлээ. Хүн янз бүр согтдог. Үүнийг судлаачийн хувьд тайлбарлаж өгнө уу?
- Шулуухан хэлэхэд генетикийн хувьд альдегидро генез 2 ферментийн хомсдолтой олонхи монгол хүнд өндөр градусын архи зохидоггүй. Хүнийг сэтгэцийн хувьд гурван том бүлэг болгож 11 хэв шинжид хуваан авч үздэг. Тэгэхээр хүнд сэтгэцийн хэв шинжээс хамаарч янз бүрийн согтолт үүсдэг. Тухайлбал амирлангуй тайван согтох, агсамнаж дошгирон, уйлж учирлаж, ухаан түр алдан согтох, биеэ хэт үнэлэж согтох, би ч дээ даанч азгүй гээд гутарч согтох, өөрийгөө өрөвдүүлэх гэж уйлж согтох, нэгийгээ магтан хөөргөж согтох, өглөгч байдалтай согтох, өш хонзон авч согтох, хүн зодож согтох, авгай хүүхэн рүү дайрч согтох гээд нэрлээд байвал олон согтолтын хэв шинжийг бид тогтоосон.
- Хэрэгт холбогдсон хүмүүсийн сэтгэцийг та тогтоох уу?
- Эрүү, иргэний, онц ноцтой хэрэгт холбогдсон хүний сэтгэцийг хуулийн байгууллагын тогтоол гарсны дараа үзэж тогтоодог. Үүнд: онол, практикийн өргөн мэдлэг, сэтгэл зүйч хүний оюуны торгон мэдрэмж их хэрэг болдог. Эмч нарын дүгнэлт эцсийн шийдвэр биш. Эцсийн шийдвэрийг шүүх гаргадаг. Экспертизийг хэдэн удаа ч давтан хийж болно. Маргалдаж буй хоёр талын аль алины сэтгэлд тааруулж экспертиз хийдэггүй. Гагцхүү бодитой баримт дээр тухайн үзлэгийн үед шинжлүүлэгчийн сэтгэц ямар байгааг тогтоодог. Сэтгэцийн эмгэгтэй гэж оношлогдоод солиорол дэмийрлийн байдалд байсан бол тэр этгээдийг албадан эмчилнэ. Үүнээс бусад тохиолдолд хийсэн хэргээ тухайн этгээд бүрэн хариуцдаг.
- Танд олон түгшүүртэй асуулт тавьж хариулт авлаа. Одоо тэгээд бид яах вэ?
- Бидний өмнө тулгараад байгаа энэ түгшүүртэй тулгамдсан асуудалд нийгэм бүхэлдээ өртөгдөх магадлал өндөр байна. Иймд төр засаг нь нийгмийн гишүүдээ, хувь хүн өөрөө өөрийгөө аварч гарах ганцхан гарц бий. Энэ түгшүүртэй асуудлыг үүсгэж байгаа хүчин зүйлсийг нарийвчлан судалж хүмүүсийг ая тухтай, аюулгүй орчинд ажил хөдөлмөртэй болгох асуудалд төр засаг бодлогоо чиглүүлэх хэрэгтэй. Хөгжил дэвшлийн баталгааг эрүүл сэтгэцтэй хүний оюуны хүчээр л хийнэ.
- Та түрүүнд нийгмийн айдас гэж хэллээ, үүнийгээ жаахан тодруулна уу?
- Нийгмийн айдастай хүмүүст яльгүй зовлонт байдал үүсдэг. Нийгмийн айдас хүнийг өөрийгөө дутуу үнэлдэг буюу дорд үздэг хандлагатай, ичимтгий зантай, түгжигдмэл харилцаатай, нийгэмд дасан зохицох чадвар султай болгодог. Нийгмийн ёс суртахууны нарийн мэдрэмжтэй, шүүмжлэлийг мэдрэх дотоод сэтгэлийн мэдрэмж өндөртэй, сэтгэгч хэв шинжийн бие хүн айдсын зовлонт байдалд орох явдал бий. Эл эмгэгээр өвчилсөн үед бие хүний сэтгэлзүйн хувийн онцлог шинж чанарууд улам тодрон илэрнэ.
- Бухимдалтай ийм цаг үед яаж амьдрах вэ. Хүмүүст хандаж юу хэлмээр байна?
- Хэлэх зүйл их бий. Оройтохгүй. Байдлыг анхааралтай харж байна. Ганц зүйлийг хэлэхэд цөөхөн Монголчууд бид амьддаа бие биеэ хүндэтгэж хайрлаасай л гэж хүсэх байна. Өнөөдөр та идэх хоолтой, унах унаатай, орд харшид юугаар ч дутахгүй амьдарч болно. Үдлээд буцдаг амьдралын энэ хатуу хуульд та, болон таны үр хүүхэд, хамаатан садан тань захирагдана. Хүнлэг байгаасай л гэж хэлэх байна. Ард түмний маань ихэнх хувь нь ядуу өлөн зөлмүүн амьдарч байна. Эрх баригчид үүнийг анхаарч үзээсэй. Анхаарч их ажил хийж байгааг үгүйсгэж бас болохгүй. Монгол хүн бүр хөдөлмөрлөх л хэрэгтэй. Залхуу хүн л муу амьдарна.
- Та сэтгэл зүйч, сэтгэцийн эмгэг судлаач хүний хувьд манай уншигчдад зөвлөлгөө өгнө үү?
- Хүнтэй харилцах урлаг гэж бий.
Юуны өмнө хүн болгонд нууцлагдмал ашиг сонирхол, эрэлт хэрэгцээ байдгийг дотроо тооцож түүний үзүүрээс барих нь чухал.
Хоёрдугаарт: Хэн ч гэсэн урам хугарах, уурлах, үзэн ядах, гутрах зэргээр тэнцвэрээ алдаж болзошгүй. Ийм үед хүнийг өөрөөсөө түлхэхгүй байх нь чухал. Та тэр хүний хэлсэнчлэн тэнэг, хүн чанаргүй хүн биш гэдэгт өөртөө итгэлтэй байх нь чухал.
Гуравдугаарт: Аливаа хүний талаар өөрт тань эвгүй сэтгэгдэл төрвөл эерэг сэтгэл хөдлөл өөртөө бий болгох харилцааны аргуудыг хэрэглэх.
Дөрөвдүгээрт: Хэцүү хүмүүстэй харилцсаар байгаад аливааг үзэн ядах, итгэл алдрах үе танд гарна. Хэрвээ та үүнийг мэдэрвэл цаг алдалгүй өөрийгөө хяналтандаа авч, эелдэг байж, буулт хийх, анхааралтай сонсох, тэр хүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа харуулах нь чухал.
Тавдугаарт: Ухаалаг, нээлттэй байна гэдэг харилцагч хүнийхээ нөлөөнд орж байна гэсэн үг биш, тухайн асуудлаар нөгөө хүн юу бодож байгааг мэдэх боломж олж авч цаашид тэр хүнтэй хэрхэн ажиллах аргаа боловсруулах явдал юу юунаас чухал юм.
- Та удирдаж буй Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн талаараа манай уншигчдад товч танилцуулна уу?
- Монгол Улсын Сэтгэцийн эрүүл мэндийн хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр, Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр хүн амд III дахь шатлалын тусламж үзүүлэх Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв 2006 оны аравдугаар сарын 16-нд шинээр зохион байгуулагдан ажиллаж байна. Манай төвийн эрхэм зорилт нь Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, Сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх явдал мөн. Эмнэлэг, нийгэм, сэтгэл зүйн тусламж үзүүлэх, нөхөн сэргээх улсын хэмжээнд ажиллаж буй анхан, II дахь шатлалд ажиллаж буй бүх эмч мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үндэсний мэргэжлийн гол төв юм.
- Ярилцлагынхаа сэд-вийг жаахан өөрчилье. Та зэрэг, цолоо хэзээ авав. Таны бүтээлийн талаар ярилцъя?
- ОХУ-ын Анагаах ухааны академийн Томск хотын салбар институтэд аспирантур, докторантурт сурч 1990 онд Анагаахын дэд доктор, 1996 онд Анагаахын шинжлэх ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан. 2001 онд профессор цол хүртсэн. Монголоос ОХУ-ын Анагаах ухааны академийн харьяа байгууллагуудад төрөл бүрийн мэргэжлээр Анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан 10 гаруйхан хүн байдгийн нэг нь би. Мөн ч их хөдөлмөрлөж зүтгэж, нойр хоолгүй ажиллаж Оросын эрдэмтдээс их зүйл сурч, сайдаж, муудаж байж энэ зэрэгт хүрсэн дээ. Бүтээлийн тухайд диссертаци 2, бие даасан ном 20, товхимол 8, гадаад дотоодод хэвлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээл 150, эмчилгээний шинэ арга 20, нийтэд зориулсан эрүүл мэндийн зөвлөгөө, нийтлэл 250 гаруйг бичсэн байна.
- Таны хобби юу вэ? Та хэнд баярлаж, юугаар бахархаж явдаг вэ?
- Миний хобби ховор мэргэжлийн ном цуглуулах, ер нь нэлээд ховор ном надад бий шүү. Зав гарвал хотоос гарч чимээгүй орчинд алхах дуртай. Төрүүлж өсгөсөн аав, ээж, хайрт ханьдаа баярлаж явдаг. Би олон ах дүү, хамаатан садантай хүн. Улаан нь ч бий, цагаан нь ч бий гэдэг шиг. Нутаг усныхан гэж дундаршгүй баян, олуулаа үр хүүхдүүд, ах дүү нараараа бахархаж явдаг. Сурсан эрдэм, эрдэнэт багш нараараа ч бахархдаг. Олон жил хамтран сайдаж, заримдаа муудаж ажилласан намайг өдий зэрэгтэй болгосон хамт олондоо баярлаж явдаг.
- Манай уншигчдад хандаж үгээ хэлнэ үү?
- Танай уншигчдад зориулж Гал гахай жилдээ эрүүл саруул ухаанаар сэтгэж, хүн хүнээ зөв ойлгож, бие биеэ хүндэтгэж Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө хүн бүр чадлаараа хөдөлмөрлөхийг хүсэх байна.
Н.Гэрэлмаа


.jpg)
No comments:
Post a Comment