Thursday, February 18, 2010

Стресст орсон дотны хүндээ хэрхэн туслах вэ?


“Хайртай хүн чинь стресст орсон үед, хэзээ ч түүнээсээ холдож болохгүй” гэж сэтгэл судлаач Сара Нейш ярьж байна.

Түүнийг яриулах гэж бүү шахаж шаард

Хайртай хүн тань дуугаа хураасан бол энэ нь байдлыг үл тоомсорлож байна гэсэн үг биш юм. “Зарим хүмүүс болж буй үйл явдлыг тунгааж, чухам юм болоод байгааг ойлгохын тулд ганцаар үлдэж, улмаар дуугуй байдалд ордог” хэмээн “Төгс төгөлдөр нөхөрлөл” номын зохиолч Энни Лайонет хэлсэн байдаг. Магадгүй бүх зүйл харагдаж байгаагаасаа тэс ондоо байж болох юм. Тэрээр энэ бүхэнтэй эвлэрэхээс өөр аргагүй болсон ч байж болох юм.

Таныг дагах буюу дууриах

Таны ойр дотны буюу хайртай хүн чинь хүнд асуудалтай тулгарсан үед, түүнтэй хамт доош живж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Гэхдээ асуудлыг шийдвэрлэхийн оронд, зовлонг нь хуваалцаж байна гээд хамт гутранги болох нь түүнд нэмэр болохгүй хэмээн Лайонет зөвлөж байна. Өөрөөр хэлбэл, түүний гутранги байдлыг тэр дор нь учиргүй баяр хөөрөөр солих гээд хэрэггүй. Хамгийн гол нь байдлыг өөдрөгөөр дүгнэж амьдралд түүнээс ч доор зүйл тохиолдож болно гэдгийг тайлбарлаж, сэтгэлийг нь сэргээх нь чухал юм.

Түүний гомдлыг хүлээж авах

Хайртай хүний чинь стрессийн даралт эсвэл гомдол нь таны төсөөлж байснаас огт өөр маягаар илэрхийлэгдэж болно гэдгийг санаарай. Танд түүний зовлон магадгүй жижигхэн асуудал мэт санагдаж болох юм. Гэхдээ түүнд ийнхүү дэмий зүйлд сэтгэлээ зовоож байна гэдгийг нь мэдүүлэхгүй байх хэрэгтэй. Эс тэгвэл, тэрбээр танаас улам зайгаа барьж эхлэх бий. Мөн түүний сэтгэлийг зовоож байгаа зүйлсийг нь ойлгохыг хичээж, учир шалтгааныг тогтоох нь нэн чухал билээ.

Санаанд нь хүргэх

Хайртай хүнээ та хоёрын хоорондын тодорхой үүрэг даалгавраас чөлөөлж өгөх хэрэгтэй. Жишээлбэл, хэрвээ урьд өмнө нь тэрбээр таныг халамжилж, тусламж үзүүлдэг байсан бол, одоо та түүнд өөрийгөө хүчтэй эсвэл зоригтой гэдгээ харуул. Өөдрөг үзэлтэйгээр бүхнийг өөрөө хийж, гүйцэтгэж чадна гэсэн үлгэр жишээг түүндээ харуулах нь зүйтэй. Ингэснээр хайртай хүн чинь танд санаа зовохгүйгээр бага ч болтугай дарамтаас ангижирна. Өөрөөр хэлбэл, тэрээр өөрийн асуудлаа тайвнаар шийдвэрлэх боломжтой болно гэсэн үг юм.

No comments: